• Эхлэл
  • Хүнээ мартсан төр буюу 2020 оны төсвийн төсөл

Хүнээ мартсан төр буюу 2020 оны төсвийн төсөл

2019/11/13

УИХ 2020 оны төсвийн хэлэлцүүлгийг хийх явцдаа ЖДҮХС-д хуваарилсан 50 тэрбум төгрөгийг төсвөөс хасчээ. Ингэснээр албан тушаалтнуудын албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг буурна гэж үзсэн үү, эсвэл өөрсдөө хөнгөлөлттэй зээл хүртэх боломжгүй болсны хариуг жижиг дундынхнаас авч байгаа хэрэг биз.

Манайд 50 сая төгрөг хүртэлх борлуулалттай ААН-үүдийг ЖДҮ гэх ангилалд оруулдаг. Тэд нь манай нийт ААН-ийн 77 хувийг эзэлж, ажиллах хүчний 57 хувийг бүрдүүлж, ДНБ-ийн 17,8 хувийг үйлдвэрлэдэг. 

Тиймээс Монголын нийгмийн хамгийн хүнд хоёр асуудал болох ядуурал, ажилгүйдлийн бууруулах хамгийн чухал хөшүүрэг нь ЖДҮ-лэлийн хөгжил юм аа гэж нийтээрээ ярьдаг. Төсөв хэлэлцээд сууж байгаа дарга нар ч ярьдаг.

Гэтэл Засгийн газар 2020 онын төсвийн төслийг боловсруулахдаа  ЖДҮХС-гаас дэмжих төслийн тоог 200-250-д хүргэж, зээлийн батлан даалтыг 100-150 ААН-д  олгохоор төлөвлөсөн байна. Харин УИХ-ын гишүүд үүнийг ч гэсэн хасчихлаа.

Мөн;

  • Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрээс 60 тэрбумыг,
  • Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэх, үнэргүйжүүлэх төслийн санхүүжжилтээс 6,5 тэрбумыг, өөр бусад 2020 онд үргэлжилж, гүйцэтгэлийг нь дүгнэх ёстой 35 төслийн хөрөнгө оруулалтаас 111,85 тэрбумыг гэх мэтчилэн хассан байна.
  • Бууруулсан эх үүсвэр болох 375.85 тэрбум төгрөгөөр УИХ-ын гишүүд ямар санал оруулж ирсэн бэ гэвэл:
  • УИХ-ын Тамгын газрын урсгал зардлыг 4.05 тэрбум төгрөгөөр
  • Сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхижуулах "Сум 5" төслийг Ховд /Буянт, Алтай, Манхан, Мөст, Үент, Жаргалант сум, Увс, Архангай аймагт хэрэгжүүлэхэд тус бүр 300-350 сая /нийт 950 сая/ төгрөгөөр ЗГХЭГ-ын даргын төсвийн багцыг,  
  • Төрийн шагнал, одон медалийн зардлыг санхүүжүүлэхэд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсвийн багцыг 1.5 тэрбум төгрөгөөр  гэх мэтчилэн нэмэгдүүлжээ.

Үүгээр ч зогсохгүй 530.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 333 төсөл арга хэмжээг 2020 онд 226.175 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төсөвт шинээр нэмэх санал оруулсан байна. Ингээд нийтдээ 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүд өөрсдийн тойрогт хуваарилуулахаар захиалжээ.

Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн хоёр их наядын алдагдалтай төсвийн 3 их наяд 679 сая нь барилга байгууламжид зарцуулагдахаар байсныг УИХ дахиад 600 тэрбумаар нэмэгдүүлж байгаа юм байна.

Д.Хаянхярваа гишүүн энэ тухай “Ирэх оны төсөв ерөнхийдөө конторын барилга эхлүүлэхэд зарцуулагдах нь” гэв. Харин цаана нь хүндээ зориулагдаж, зарцуулагдаж байгаа төсөв төлөвлөгөө, хөрөнгө оруулалт гэж алга.

МУИС-ийн Эдийн засгийн багш, дотор Б.Отгонтөгс ирэх оны төсвийн төслийг шинжлээд “2020 оны төсвийн төсөл өмнөх жилүүдийн адилаар, хүүхэд залуучууд, амхадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ногоон хөгжил, ЖДҮ эрхлэгч нарт хүртээмжгүй, хүндээ зориулагдаагүй, зөвхөн тендерээр барилга байгууламж, тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан төсөв болсон байна. Үүнийг УИХ-ын гишүүд анхаарч, засаж залруулах шаардлагатай” гэсэн байдаг. Харин УИХ үүнийг нь "муу дээр муухай, муухай дээр улцан" болгож байна.

Нэг жишээ авья.  Агаарын болон хөрсний бохирдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн энэ үед БОАЖЯ-ны “Ногоон төсөл” санаачилгыг дэмжиж, ногоон зээлд хамрагдах өрхийн тоог 2000-д хүргэнэ гэсэн байна. Зөвхөн Улаанбаатар хотод 216,000 айл  гэр хороололд амьдарч байхад түүний 1 хүрэхгүй хувьд л ногоон зээл олгох юм байна.

Өнөөдөр Монголын нийгэмд хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ хамгийн түгшүүртэй асуудал болоод байгаа. Гэтэл ХЗДХЯ “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй тэмцэх хүрээнд сургалт, семинарууд зохион байгуулж түүндээ нийт 150 хүн оролцуулна,  энэ чиглэлийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөг 150 хүнд өгнө” гэж төсөвлөсөн байна. Бүтэн 12 сар, 365 хоногт шүү дээ. 

Саяхан олны танил дуучин хар тамхи хэрэглэсэн хэргээр хоёр жилийн ял аваад шүүхийн танхимд уйлаад сууж байлаа. Өдөр тутмын нэг сонинд “Хар тамхины хэргээр тэнссэн хүмүүсийн 50 хувь нь дахин хэрэглэсэн байна” гэж бичжээ. Нэг дүүрэгт оршин суудаг найман хүнийг тестлээд ийм дүгнэлт гаргачихаж байгаа юм. Араас нь ЦЕГ-ын дарга нь “хар тамхины хэргийн ял хөнгөдөж байна” гэж яриад эхэлсэн.

Гэтэл үнэн хэрэгтээ хар тамхи хэрэглэж байгаа хүн ч бас хохирогч. Хар тамхинаас болж эрүүл мэндээ алдана, нийгэмдээ адлагдана. Гэтэл хар тамхийг зөөвөрлөж, оруулж ирж, борлуулж ашиг олж байгаа мафи бүлэглэлүүдтэй нь яагаад тэмцэхгүй байна вэ? Үүний төлөө ХЗДХЯ юу төлөвлөж, төсөвлөсөн бэ? Байхгүй.

Б.Амархүүг ял авсны дараа цагдаад насаараа ажилласан хүн “Б.Амархүү шиг алдаж яваа залуусыг шоронд нь явуулж, бүр олон жилийн ял оногдуулж ч болно. Гэхдээ шоронд оруулж, шонд дүүжилсэнээр бүх юм сайн сайхан болохгүй гэдгийг хэн бүхэн мэдэж байгаа. Шорон бол хамгийн аймшгийн, хэн ч байсан аавын хүүгийн хүсэх газар биш шүү. Сураагүй мууг сураад, шал өөр хүн болоод гарч ирэх өндөр эрсдэлтэй газар шүү, залуус аа!" хэмээн бичсэн байна.

Монголд ид ажиллаж, амьдрах насандаа шүүхээр яллагдаж, шоронд хоригдож байгаа 5000 гаруй иргэн бий. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд 2020 онд яллагдагч, хоригдлыг хуяглан хүргэх, хуяглан харгалзах хүнийг 5600-д хүргэхээр төсвөө төлөвлөсөн мөртлөө хоригдож байгаа 5000 хүний зөвхөн 350-ийг нь буюу 7 хувийг нь л  мэргэжлийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн байна.

Энэ бол ял эдэлж байгаа залуу хүмүүс төдийгүй тэдний ар гэр, үр хүүхдийн ирээдүйд, цаашлаад нийгэмдээ хор хохирол нь тусах харалган бодлого гэдгийг эдийн засагч хэлжээ.  

Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, семинар зохион байгуулж, үүндээ нийтдээ 700 хүнийг оролцуулах, 40.000 хүнд сурталчилгааг хүргэхээр төсөвлөсөн байна. Ингэхэд бид хэдүүлээ билээ?

ХНХ-ын сайд гэхэд 2020 оны эцэс гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  11.5 хувийг л сэргээн засах үйлчилгээнд хамруулах юм байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амынхаа 3,3 хувь /103.6 мянга/, үүнээс 92.000 нь хүүхэд. Барилга байгууламж барихад зарцуулж байгаа 3 их наяд 679 тэрбум /УИХ дахиар 600 тэрбумаар нэмэгдүүлсэн/ төгрөгийн хөрөнгө оруулалтынхаа өчүүхэн хэсгийг жилд нэг удаа сэргээн засах үйлчилгээнд зарцуулж болохгүй гэж? Ингэхэд улсын нэгдсэн төсвийг хэний төлөө, юуны тулд зарцуулдаг вэ? 

ЭХ СУРВАЛЖ:INEWS.MN

Б.СЭМҮҮН

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин